Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв

  • Post author:

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдөр (2026.09.25)-ийн үдээс хойших хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа.

Энэ оны зургадугаар сарын 24-нд хуралдсан дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар, С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч О.Билгүүн нарын гаргасан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мөн зүйлийн 8 дахь заалтын үр шимийг нь хүртэх эрхтэй гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Маргааныг хянан хэлэлцээд дээр дурдсан заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, мөн зүйлийн 8 дахь заалтын “үр шимийг нь хүртэх эрхтэй” гэсэнд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Ингээд хуулийн дээрх хэсгийг энэ оны зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Эх сурвалж: https://parliament.mn