Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026.03.31-ний өдрийн нэгдсэн хуралдаан 14.02 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаар Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа холбогдох маргааныг хянан хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир томилогдсон байна.
Цэц тус маргааныг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг О.Номинчимэг гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх мөн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн тус тус танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр явуулах ил санал хураалтыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хойшлуулахаар шийдвэрлээд дараагийн асуудлыг хэлэлцсэн юм.
Үдээс хойших хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн талаарх санал хураалтыг нэг бүрчлэн явуулж, шийдвэрлэлээ. Байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Эх Сурвалж: Parliament.mn
Холбоос: https://www.parliament.mn/nn/76920/