Зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллав Post author:admin Post published:2026-03-26 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт”-ыг зохион байгуулдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид зарлан мэдээллийн дохиогоор “Суу, Нуугд, Хүлээ” дүрмийг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах, ширээн доогуур орох, “Амьдралын гурвалжин” буюу хоосон зай, даацын хана, буланд байрлах зэрэг арга хэмжээ авав. Мөн “Гүйхгүй, эргэхгүй, ярихгүй, түлхэхгүй” гэсэн зарчмаар объектоос гарч, аюулгүй талбайд цугларан дадлага, сургуулилтыг заавар, зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Энэ үеэр гамшгаас хамгаалах томилгоот бүлгийн ажиллах хуваарь, гүйцэтгэх үүргийг албан хаагчдад тайлбарлан таниулав.