Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцуулав.
Тус заалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.”-ыг хориглохоор заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Монгол Улсын иргэн Б.Баярмагнай үзжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд дээрх заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй буюу эдгээр заалттай нийцсэн гэж дүгнэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, П.Наранбаяр, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ц.Туваан нар асуулт асууж, Цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироос тодорхой хариулт авлаа.
Эх Сурвалж: Parliament.mn
Холбоос: https://www.parliament.mn/nn/76906/