Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 01 дүгээр дүгнэлтээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцээгүй гэж үзэж, уг заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц өөрийн санаачилгаар хянан шийдвэрлэнэ гэсэн нь иргэн өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөө (цаашид “үндсэн эрх” гэх) нь зөрчигдсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахаар, мөн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах агуулгыг илэрхийлжээ. Харин иргэдийн гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц зөвхөн өөрийн санаачилгаар шийдвэрлэхээр байна. Түүнчлэн Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэсэн нь дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн хянан шийдвэрлэхээс өөрөөр бусад байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг багтаагаагүй болохыг Үндсэн хуулийн бичвэрийн үгийн шууд утгаар ойлгохоор байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах эрх бүхий эдгээр субъектээс гадна төрийн бусад байгууллага, албан тушаалтан, олон нийтийн байгууллага аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор гомдол гаргахыг зөвшөөрч нэмсэн нь Үндсэн хуулийн цэцэд хандах субъектийг хэт өргөжүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “… холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн цэцээс шүүхтэй харилцах харилцааг мөн хэт өргөжүүлсэн байх тул Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд тус хэсгийн 3 дахь заалтад “хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;” гэж Үндсэн хуулийн цэцээс үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлэн хянан шийдвэрлүүлэхийг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байна. Харин Улсын дээд шүүхээс бусад шүүх (анхан болон давж заалдах шатны шүүх)-д үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг шууд шилжүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд олгоогүй байхад маргаан бүхий зохицуулалтаар бусад шүүхэд шилжүүлж болохоор хуульчилсан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна.
Эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаагаас иргэний Үндсэн хуулиар хамгаалсан үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд тухайн маргааны хэргийн харьяаллыг тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн маргаан аль шүүхийн харьяалалтай нь Монгол Улсын шүүхийн тухай болон бусад хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах бол уг маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүйн улмаас иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэний өргөдлийн дагуу үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэх замаар буюу эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн холбогдох шүүхэд, дараа нь Улсын дээд шүүхэд хандах зэргээр хуульд заасан бүхий л арга замыг дуусгасны дараа (субсидиар зарчмыг хангаж) эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх учиртай. Энэ нь хэргийн харьяаллыг тогтоох Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг үгүйсгээгүй, харин шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэрийн улмаас иргэний үндсэн эрх зөрчигдөхгүй байх, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх замаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх болон бусад эрхийн баталгааг хангах хяналтыг хэрэгжүүлж байгаа юм. Иймд Үндсэн хуулийн цэцээс иргэний өргөдлийг Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж, эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Улсын дээд шүүхэд шилжүүлж шийдвэрлэхээр байна.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэхээр өргөн агуулгаар тусгасан байх тул түүний харьяалан шийдвэрлэх маргаан нь зөвхөн мөн зүйлийн 2 дахь хэсэгт тоочин заасан “маргаантай асуудал”-аар хязгаарлагдахгүй бөгөөд Үндсэн хуулийн эдгээр зохицуулалтад “маргаан”, “маргаантай асуудал” гэх ялгаатай агуулга бүхий нэр томьёог хэрэглэсэн байна. Иймээс Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочсон маргаантай асуудал төдийгүй Үндсэн хуулийг зөрчсөн тухай бусад маргааныг хянан шийдвэрлэхээр байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж түүний бүрэн эрхийг ерөнхийлөн томьёолжээ. Эндээс үзвэл, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд эдгээр бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулна.
Иймд иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх талаарх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, тус зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 хэсгийн зохицуулалтыг холбож цогцоор нь авч үзвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасантай нийцээгүй байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн