“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” тохиож буй 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 2024–2025 оны эмхэтгэл, Үндсэн хуулийн цэцээс хагас жил тутамд эрхлэн гаргадаг “Үндсэн хуульт ёс” эрдэм шинжилгээний сэтгүүлийн хоёр дахь дугаарыг тус тус хэвлүүлэн гаргасныг танилцуулах арга хэмжээ Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг Үндсэн хуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Цэцийн шийдвэрийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, шийдвэрүүдтэй танилцах, судлах, ашиглахад илүү дөхөм болгох зорилгоор хэвлүүлсэн бол “Үндсэн хуульт ёс” эрдэм шинжилгээний сэтгүүлийг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, практикт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаан, онол-арга зүйн хүрээнд судалсан эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, санал дүгнэлтийг түгээх, сурталчлах зорилгоор эрхлэн гаргадаг юм.
Уг танилцуулах арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Цэцийн Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцов.
Үүнээс өмнө Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг багтаасан 1992-2023 оныг хамруулсан зургаан боть эмхэтгэл, мөн “Үндсэн хуульт ёс” сэтгүүлийн анхны дугаарыг тус тус нийтийн хүртээл болгосон юм.
Эдгээр бүтээлийг Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд тус тус эрхлэн гаргасан билээ.
