Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол … ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, уг заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрчээ.
Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийн агуулга, үндэслэлийг тоймлон хүргэж байна.
Нэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ба хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрх
1.1.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болохыг өргөн агуулгаар баталгаажуулжээ. Энэхүү эрх чөлөө нь итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ үг хэлэх, хэвлэн нийтлэх болон бусад хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зэрэг эрхийг өөртөө агуулж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь оюуны эрх чөлөө, нээлттэй, ил тод байдал, олон ургалч үзэл, иргэдийн оролцооны үндэс болох бөгөөд ардчилсан нийгмийн тулгуур эрх чөлөөнд тооцогдоно. Тодруулбал, энэхүү эрх чөлөө нь ардчиллыг бодитой хэрэгжүүлэх суурь нөхцөл болно. Хэрэв энэ нөхцөл алдагдвал иргэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, төрийн үйл хэрэгт оролцох, ард түмэн засаглах эрхээ эдлэх боломж хязгаарлагдаж, улмаар сонгуулийн шударга байдал болон төрийн үйл ажиллагаанд тавих хяналт суларна. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь үнэнийг танин мэдэх боломжоор хангаж, оюуны хөгжлийг дэмжинэ. Мэдээллийн чөлөөт урсгалыг зүй бусаар хязгаарлавал хүмүүс үнэнийг мэдэх боломж хомсдоно. Мэдээллийг түгээж, иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн үндсэн чиг үүрэг мөн. Эдгээрээс гадна энэ эрх чөлөө нь угаас үнэ цэнтэй бөгөөд хувь хүний бие даасан байдлыг баталгаажуулна. Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх нь хувь хүн өөрийгөө төлөвшүүлэх, чөлөөтэй хөгжих үндэс төдийгүй төр болон бусад этгээдээс хараат бус оршиход ач холбогдолтой.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчилсан нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад түүнийг тусгайлан нэрлэж, иргэд төдийгүй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд баталгаатай эдлүүлэх агуулгаар тусгажээ. Төрийн эрх мэдэл ард түмнээс уг сурвалжтай тул төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь нийтийн хяналтад байх ёстой бөгөөд иргэд энэ төрлийн мэдээлэл хүлээн авч, үзэл бодлоо төлөвшүүлэхэд хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг нь хэвлэл мэдээлэл байдаг. Цензураас ангид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэн бүр улс төрийн чөлөөт хэлэлцүүлэг, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь энэ шинжээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй адил Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ардчилсан ёс”-ны зарчмыг хэрэгжүүлэх суурь болно.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний агуулгад хамаарах итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ үг хэлэх, хэвлэн нийтлэх болон бусад хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зэрэг эдгээр эрх, эрх чөлөөнөөс итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг, туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.” гэж хуульчилсан байна. Харин итгэл үнэмшил, үзэл бодлыг илэрхийлэх нь гадагш чиглэсэн, нийтэд хамаатай тул Үндсэн хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хязгаарлалт тогтоох боломжтой.
1.2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “халдашгүй, чөлөөтэй байх” эрхийн хүрээнд хүний нэр төр, алдар хүндийг үндсэн эрхийн түвшинд хамгаална. Хүний нэр төр бол хүн болж төрсөн хэн бүхэнд угаас заяасан адил үнэ цэн бөгөөд туйлын эрхэд тооцогдоно. Алдар хүнд бол хувь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх гадаад үнэлэмж бөгөөд түүнд хууль бусаар халдахыг хориглоно. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь илт худал мэдээлэл тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцох замаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тогтоосон хязгаарлалт мөн байна. Харин маргаан бүхий зохицуулалт нь “итгэл үнэмшил, үзэл бодолд бус түүний илэрхийлэлд тавьсан хязгаарлалт байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад заасан “итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө”-г хөндөөгүй байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн.
Хоёр. Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах нийтлэг шаардлагыг хангасан эсэх
2.1.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага болон тухайн эрх чөлөөний мөн чанараас үүдсэн тусгай шаардлагыг давхар хангах ёстой. Эдгээр шаардлагын аль нэгийг хангаагүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэх асуудлыг зохицуулдаг учраас түүний заалт бүр эрх зүйн тодорхой байдлыг хангасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой, оновчтой, нарийвчлан томьёологдож, шууд хэрэглэх боломжтой байхыг шаардана. Энэ дагуу шалгахад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй байна.
Хууль тогтоогч 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өмнө үйлчилж байсан “гүтгэх, доромжлох” гэмт хэргийн ойлголтыг өөрчилж, цар хүрээг нь өргөтгөсөн “худал мэдээлэл тараах” гэсэн шинэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгажээ. Энэ зохицуулалт нь үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах шалгуурыг хэлбэрийн хувьд хангасан байх боловч эрх зүйн тодорхой байдалд нийцээгүй, улмаар уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж, олон утгаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн гарчиг болон агуулгад ялгаатай нэр томьёо хэрэглэж, ойлголтын зөрүү үүсгэжээ. Мөн “хүний нэр төр” болон “алдар хүнд”, “худал мэдээлэл” болон “илт худал мэдээлэл” гэх төстэй нэр томьёог хольж хэрэглэсэн боловч тэдгээрийг тодорхойлж, ялгаагүй байна. Хууль тогтоогч уг гэмт хэргийн обьектив талыг “… илт худал мэдээллийг олон нийтэд тараасан …” гэж тодорхойлсон боловч субьектив талыг нь тодорхой заагаагүй, бүрхэгдүүлсэн байна. Үүний улмаас тухайн мэдээлэл нь илт худал боловч хүний нэр төр, алдар хүндэд бодит хохирол учруулаагүй, түүнчлэн мэдээллийг хохирол учруулах зорилгогүйгээр тараасан, эсхүл дамжуулсан ялимгүй тохиолдлыг ч “хүний нэр төр, алдар хүндэд халдсан” гэж үзэж, гэмт хэрэгт тооцохоор байна. “Олон нийтэд тараасан” гэж үзэх шалгуур, хүрээ тодорхойгүйгээс нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээллийг цөөн хүн дэмжих, эс дэмжих тэмдэг дарсан, эсхүл хязгаарлагдмал хүрээнд хуваалцсан үйлдэлд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болжээ. Түүнчлэн уг гэмт хэргийн хохирогчид тооцогдох этгээдийн хүрээг хэт өргөжүүлсэн байх бөгөөд бодит байдалд төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн ял оногдуулсан тохиолдол гарсан байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдлыг хангаагүйгээс мөрдөгч, прокурор, шүүгч уг зохицуулалтыг үзэмжээр, эсхүл дур мэдэн хэрэглэх, хэрэгжүүлэх, урвуулан ашиглах эрсдэлтэй болжээ. Хуулийг хэрэглэх эрх бүхий эдгээр албан тушаалтан мэдээлэл “илт худал” эсэхийг субьектив үнэлгээнд тулгуурлан дүгнэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлах боломжтой байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний зарчмыг алдагдуулж байна.
2.2.Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь тохирсон байх зарчмын эдгээр шалгуурыг хангаагүй байна. Үүнд:
Нэгд, алдар хүндийг хамгаалах нь Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болох хууль ёсны зорилго мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдлийг зогсоох боломжтой байх тул эдгээр эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, уялдаатай байна. Харин “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд” нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлах үндэслэл болохуйц зорилго болохооргүй байна. Учир нь энэхүү ойлголт нь хуулийн этгээдийн эдийн засаг, аж ахуйн шинжтэй хууль ёсны ашиг сонирхолд илүү хамааралтай тул иргэний эрх зүйн харилцаанд түлхүү хэрэглэгдэж ирсэн бөгөөд энэ хүрээнд үр нөлөөтэй хамгаалагдах боломжтой.
Хоёрт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад зайлшгүй арга хэмжээ биш байна. Учир нь энэ зохицуулалтын дагуу худал мэдээлэл тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр үндсэн эрхэд илүү ихээр халдах боломжтой байна. Харин Иргэний хуулийн зохицуулалт нь мэдээллийн үнэн зөвийг хариуцах, няцаалт хийх, уучлалт гуйх, гэм хорыг арилгах зэрэг илүү хөнгөн аргаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг адилхан үр нөлөөтэй хамгаалж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхэд илүү бага хэмжээгээр халдахаар байна. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй сэтгүүлчийн ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдааг хянан шийдвэрлэж, сахилгын шийтгэл хүлээлгэх “өөрийн зохицуулалт”-ын механизм нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд илүү бага халдсан, шүүхийн бус арга замаар алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах боломжтой байна.
Гуравт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилтэд хэт сөрөг нөлөө үүсгэж байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангахгүй байна. Уг зохицуулалт нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан илт худал мэдээллээс гадна ийм хохирол учруулаагүй үзэл бодлын бусад илэрхийллийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай байна. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зэрэг нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэгт шалгагдаж цаг хугацаа алдах, зардал гаргах, улмаар ял шийтгүүлэх боломжтой байна. Эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй хэн ч ийм нөхцөл байдалтай нүүр тулах боловч худал мэдээлэл тараах гэмт хэргийн хувьд иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар эрэн сурвалжлах, мэдээлэх, шүүмжлэхээс татгалзах, өөрийгөө цензурдах (хянах) бодит эрсдэл үүсгэж, иргэдийн мэдээлэл хүлээн авах Үндсэн хуульд заасан эрхийн хэрэгжилтэд саад учруулж байна. Мөн энэ зохицуулалт нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шүүмжлэл илэрхийлсний төлөө иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтны эсрэг гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт шалгуулах замаар ардчилсан нийгэм дэх олон талт, шүүмжлэлт дуу хоолой, чөлөөт хэлэлцүүлгийг намжаахад урвуулан ашиглах нөхцөлийг бий болгож байна.
Гурав. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтад тавигдах тусгай шаардлагыг хангасан эсэх
3.1.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавих аливаа хязгаарлалтыг үндсэн эрхийн хязгаарлалтын нийтлэг болон тусгай шаардлагад бүрэн нийцсэн, зайлшгүй тохиолдолд зөвтгөнө. Хүний алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хуулийн зохицуулалт нь “эдгээр үндсэн эрх хоорондын тэнцвэрийг хангах”, “Эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тодорхойлох” болон “нэмэлт эрхийн шалгуур” зэрэг тусгай шаардлагыг хангах ёстой. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эдгээр тусгай шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
Нэгд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар баталгаажсан “алдар хүнд халдашгүй байх” эрхийг хамгаалахад уялдсан байх хэдий ч мөн зүйлийн 16 дахь заалтын “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө”-г хязгаарлаж, үндсэн эрхийн зөрчилдөөн үүсгэжээ. Алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоёулаа туйлын эрх биш, адил үнэ цэнтэй тул аль нэг нь нөгөөгөөсөө давуу биш. Иймд эрүүгийн, иргэний, эсхүл бусад хуулиар зохицуулах болон уг зохицуулалтыг хэрэглэх тохиолдол бүрд эдгээр эрхийн хооронд үүссэн зөрчилдөөнд тэнцвэрийг хангах шаардлагатай. Энэ шалгуураар авч үзвэл, маргаан бүхий зохицуулалт нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний дагуу бусад төрлийн илэрхийллээс илүү хамгаалах зохицуулалтыг хуульчлаагүй, нийтийн зүтгэлтэн өөрийнхөө эсрэг шүүмжийг иргэнээс илүү хүлцэн тэвчих эрх зүйн зохицуулалтыг бий болгоогүй байна. Тодруулбал, ардчилсан нийгэмд нийтийн зүтгэлтэн нь нийтийн болон хэвлэл мэдээллийн хяналтад байдаг тул иргэнтэй харьцуулахад өөрийнхөө эсрэг шүүмжийг илүү хүлцэн тэвчих үүрэгтэй. Нийтийн зүтгэлтэн гэдэгт улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, эдийн засгийн салбарт нөлөө бүхий, эсхүл нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, идэвхтэй оролцдог хүнийг хамааруулж ойлгоно. Эдгээр хүмүүс нь тухайн ажил, албан тушаалыг эрхлэхийг өөрөө зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжүүлж буй тул шүүмжлэлд хүлээцтэй хандах ёстой. Харин иргэн нь нийтийн зүтгэлтэнтэй адил шүүмжийг хүлцэн тэвчих үүрэггүй тул түүний алдар хүндийн хамгаалалт нь илүү өндөр байх шаардлагатай. Иймд худал мэдээлэл тараах гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага, албан тушаалтныг хамааруулахгүй байвал зохино. Мөн үйл баримтын шинжтэй мэдээлэл болон үнэлэлт дүгнэлтийг ялгаж зохицуулаагүйгээс үйл баримтын шинжтэй мэдээллийг үндэслэн илэрхийлсэн үнэлэлт дүгнэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг тусгайлан хамгаалаагүй тул нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтыг үнэнч шударгаар мэдээлэх явцад гарсан мэргэжлийн алдаанд ял шийтгэх боломжтой байх тул алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тэнцвэрийг хангах шалгуурт нийцэхгүй байна.
Хоёрт, Эрүүгийн хууль нь хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх хамгийн хатуу, эцсийн арга хэрэгсэл учраас хүний алдар хүндийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, иргэний хууль тогтоомж зэрэг бусад арга хэрэгслээр хамгаалах боломжгүй, онцгой тохиолдолд л худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт зөвтгөгдөнө. Тодруулбал, хүний алдар хүндэд ноцтой, бодитой хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох, обьектив, субьектив талын шинжийг нарийвчлан заах боломжтой бөгөөд түүнд шийтгэх ял нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байхыг шаардана. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн онцлогоос шалтгаалан хэт өндөр хэмжээгээр торгох, хорих ял зэрэг хүнд шийтгэл нь энэ шаардлагыг хангахгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд тухайн гэмт хэргийн хүрээг ноцтой түвшинд явцууруулан тодорхойлох төдийгүй уг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахгүй, урвуулан ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх шаардлагатай. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний алдар хүндэд ноцтой, бодит хохирол учруулсан байхыг шаардаагүй, мөн алдар хүндийг гутаасан үйл баримтын шинжтэй мэдээллийг худал гэдгийг нь мэдсээр байж, санаатай тараасан байх зэрэг шалгуурыг тусгаагүй тул ийм хохирол учруулаагүй, ноцтой бус үйлдэлд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Өмнө үйлчилж байсан гүтгэх болон доромжлох гэмт хэрэгтэй харьцуулахад худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хорих ял шийтгэхээс татгалзаж, торгох ялын хэмжээг бууруулсан нь тохирсон арга хэмжээ боловч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан нь тус эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Гуравт, нэмэлт эрхийн тусгай шалгуураар шалгахад маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан хоёр үндсэн эрхийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын зэрэгцээ зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалт агуулсан байна. Зорчих эрх нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтаар баталгаажсан үндсэн эрх бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх зэрэг өргөн агуулгыг багтаана. Хэдийгээр гэмт хэрэг, ялын бодлогыг тодорхойлох нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарах боловч гүтгэх, худал мэдээлэл тараах зэрэг гэмт хэрэг нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль зүйн үр дагаврыг бий болгодог тул хянуур хандаж, зохих шаардлагад захирагдана. Иймд маргаан бүхий зохицуулалтын улмаас иргэд болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн бусад ажилтан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэхэд саад учруулах эрсдэлтэй байна.
Жич: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн