Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2025, №08)-ийн тойм

  • Post author:

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 08 дугаар дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, хууль дээдлэх зарчмыг, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа тус хуралдааныг даргалахдаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалгаж, эдгээр зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлснээрээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж эцэслэн шийдвэрлэсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлт нь нийт 37 хуудас, түүний үндэслэл хэсэг нь 12 хуудас болсон байна. Иймээс үндэслэл хэсгийг агуулгын болон процессын талаас нь хураангуйлан танилцуулж байна.

АГУУЛГЫН ҮНДЭСЛЭЛ

1.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж заасан. Энэ заалтын “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь уг саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан даруйд Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх утгатай. Гэвч Улсын Их Хурлын 54 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор тавьсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг гурван өдрийн дараа буюу мөн сарын 10-ны өдөр гишүүдэд хүргүүлсэн байна.

2.Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хурааж 95 дугаар тогтоолыг баталсан нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож …” гэснийг зөрчсөн байна. Энэ заалтын “уг санал” гэдэг нь мөн хэсгийн 1 дэх өгүүлбэрийн “Ерөнхий сайдыг огцруулах санал” гэж үгчлэн ойлгогдохоор байна. Түүнчлэн тус заалтыг “Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй саналыг дэмжих” гэхээсээ илүү “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” гэсэн саналын томьёоллоор ойлгох нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт агуулагдсан “парламентын олонхын итгэл хүлээх зарчмыг алдагдуулахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан, тогтвортой байдлыг хангах зорилго”-д илүү нийцнэ.

Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг нийт гишүүний олонх, асуудлыг шийдвэрлэх саналын босгыг ердийн олонх байхаар тусгасан байна. Харин Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийт гишүүний олонхи” гэж ердийн олонхоос илүү өндөр босгыг тогтоосон тул түүнийг өндөр босго тогтоосон бусад заалттай цогцоор нь тайлбарлавал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” томьёоллоор буюу эерэг утгаар ойлгож санал хураах агуулгатай байна.

Түүхчлэн харьцуулбал 1992 оны Үндсэн хуулийн бичвэрийн Дөчин гуравдугаар зүйлд Засгийн газрыг огцруулах саналыг хэн тавих, хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар ерөнхий заасан байсан бол 2019 оны өөрчлөн найруулсан хувилбар нь үүнээс гадна “Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах …” гэж шийдвэр гаргах босго, журмыг нэмж, мөн ийнхүү огцруулснаас хойш гуч хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах үр дагавар бий болгосноороо ялгаатай байна. Мөн Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь өмнөх бүх тохиолдлоос ялгаатай бөгөөд 2019 онд өөрчлөн найруулсан зохицуулалт (Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйл)-ыг анх удаа хэрэглэсэн байна.

3.Органик хуулийн заалтыг зөрчсөнөөр Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалтай харшлах нөхцөл бүрдсэн тохиолдолд хууль дээдлэх ёсыг зөрчсөнд тооцогдоно. Энэ маргааны хувьд Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирцийг нэгтгэж, ирцэд орсон ч санал өгөөгүй гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцсон нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн байх бөгөөд олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг ийнхүү алдагдуулсан нь “ардчилсан ёс”-нд нийцэхгүй байна.

ПРОЦЕССЫН ҮНДЭСЛЭЛ

1.Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтэд Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдааныг даргалахдаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахаар мэдэгдэж зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн бол дараа нь мөн сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны тус санал, дүгнэлтээр санал хураалт явуулж, 2025 оны 95 дугаар тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх зэргээр шаардлагаа ихэсгэсэн.

Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудал нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаан байна. Эдгээртэй холбоотой шаардлага нь агуулгын хувьд нэгдмэл, харилцан хамааралтай байх тул тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй юм. Тиймээс Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын дагуу эдгээр шаардлагыг нэгтгэн маргаан шууд үүсгэн шалгасан болно.

2.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, 3, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлаар хянан шийдвэрлэх, харин Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Дунд суудлаар хянан шийдвэрлэж дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулах, уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Их суудлаар дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргахаар байна. Гэвч уг маргаан нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж үүсгэсэн нэг маргаан гэж үзэн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн уг маргааныг тусгаарлаж, Дунд болон Их суудлын хуралдаанаар тус тусад нь шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, ялгаатай шийдвэр гаргах эрсдэлтэй байсныг тэмдэглэж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран тавдугаар зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.

3.Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” гэж заасан. Тиймээс Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийн зохицуулалтын агуулга, ердийн хуулийн тодорхой заалт хоорондын зөрчил бий болох тохиолдолд Үндсэн хуулийн тухайн зохицуулалтыг буюу дээд эрэмбийн хэм хэмжээ, зарчмыг баримтална. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх цорын ганц байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дэгээ Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тогтоож хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Энэ нь бусад улсын үндсэн хуулийн шүүхийн хувьд ч түгээмэл туршлага юм.

4.Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн даруй гүйцэтгэсэн. Уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хугацаанд хамтад нь нэг мөр шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, эсхүл Улсын Их Хурал тарах (Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг), улмаар улс төрийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногт хуралдаанд бэлтгэх агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд хуралдаанаар хэлэлцүүлэх хугацааны доод хязгаарыг тусгаагүй байна.

Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн гишүүн нь … Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө төрийн төв хэвлэлд нийтэлж зарлана.” гэж хуралдааны товыг зарлах журмыг зохицуулсан боловч Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуульт ёсонд эрсдэл бий болохоос өмнө тус маргааныг нэн даруй хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дээрх заалтаас давуу хүчинтэй үйлчилнэ.

5.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд түүний Их суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийн байна. Тухайлбал, “… албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно …” (Цэцийн дүгнэлт, 1995, №01). Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй. Мөн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “… Улсын Их Хурал …-ийн бусад шийдвэр … нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих … шийдвэр хүчингүй болно.” гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

6.Үндсэн хуулийн цэц талуудыг энэхүү маргаантай асуудлаар өөрийн тайлбар, баримтаа гаргаж өгөх тэгш боломжоор хангаж, Их суудлын хуралдааныг нээлттэй, ил тод явуулсан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн өдрөөс буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяад тайлбар, баримтаа гаргах, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгох үүднээс удаа дараа хандсан (2025.10.16, №2/591; 2025.10.17, №2/595) боловч өөрөө уг эрхээ эдлээгүй, тайлбар, баримтаа бичгээр ирүүлээгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Итгэмжилсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай” 2/599 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлаас тайлбар гаргуулахаар хүргүүлсэн боловч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхлэхээс өмнө бичгээр тайлбар ирүүлээгүй байна. Их суудлын хуралдааны явцад буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10.13 цагт Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч нараас “Тайлбар гаргах тухай” албан бичиг (УИХ-03/12089)-ээ өгсөн нь тус хуралдааны бүрэлдэхүүнд тухайн тайлбартай урьдчилан танилцах, уг маргааныг хуралдаанд бэлтгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний илтгэлд тусгах цаг хугацааны боломж олгоогүйг тэмдэглэж байна.

7.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг нээлттэй хийхээр заасан нь уг хуралдаанд оролцох хүсэлтэй иргэдийг нээлттэйгээр хуралдаанд оролцуулах утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь бусад улсын Үндсэн хуулийн шүүхийн сайн туршлагад нийцдэг. Их суудлын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд оролцох хүсэлтэй иргэнийг хурлын танхимын багтаамжид тааруулан ирсэн дарааллаар нь оролцуулснаар нээлттэй байдал хангагдсан болно. Түүнчлэн нээлттэй байдлыг хангах хүрээнд хуралдааны танхимын багтаамж, техник, тоног төхөөрөмжийн чадавх зэргээс шалтгаалан хуралдааны нээлт болон хаалтын хэсгийг олон нийтэд шууд дамжуулах бололцоог олгож, хуралдааны мэтгэлцэх болон бусад үе шатыг шууд дамжуулдаггүй. Энэ журам нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэх, талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгох, хуралдааны дэгийг сахиулахад чиглэдэг.

8.Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 08 дугаар дүгнэлтийг мөн сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн цахим хуудаст байршуулж, ил тод байх зарчмыг шуурхай хангаж ажиллаа.

  Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.