Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

  • Post author:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг …үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад …сонгогдох эрхтэй.   …” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 01 дүгээр дүгнэлтийг гаргасан.

Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2025 оны “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 31 дүгээр тогтоол гаргасантай холбогдуулан Цэц энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9.30 цагт хийхээр товлов.