Астана хотноо олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдав

  • Post author:

       Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Эрх зүйгээр дамжуулж энх тайван, ирээдүйг бүтээе” сэдэвт Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн олон улсын чуулга уулзалт 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Астана хотноо зохион байгуулагдлаа.

     Тус чуулга уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нар оролцсон бөгөөд Европ, Ази, Африк тивийн 15 орны Үндсэн хуулийн хяналтын байгууллагын тэргүүн, төлөөлөгчид, хуульч эрдэмтэд оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

      Чуулга уулзалтын өмнөх өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч ноён К.Токаев Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Европын зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч хатагтай Клэр Бэзи Малаури, Африкийн Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын дарга, Зимбабвегийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Люк Малаба, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дээд шүүхийн дарга бөгөөд Арабын Үндсэн хуулийн шүүх, зөвлөлүүдийн холбооны ерөнхийлөгч ноён Мохаммед Хамад Мохаммед Аль Бади Аль Дахери нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Ерөнхийлөгч К.Токаев Казахстан Улс технологид суурилсан хөгжилд онцгой анхаарч, хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлж, бүрэн дижитал шилжилт хийх зорилготой байгаагаа танилцуулсан. Мөн парламентын тогтолцооны шинэчлэлийн талаар байр сууриа хуваалцаж, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

    Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нарыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Эльвира Азимова хүлээн авч уулзан хоёр байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өнгөрсөн онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.