Шүүгдэгчийг цагдан хорих заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2025, №07)-ийн тойм

  • Post author:

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 07 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. …”, мөн зүйлийн 14 дэх заалтад “… шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж, уг зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
     Үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал болон тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хууль шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэг нь шүүгдэгчийн бие махбодын эрх чөлөөг хасах ноцтой хязгаарлалт боловч эдгээр зарчмыг хангахгүй байгаа нь тогтоогдож байна.
      Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын дагуу хүнийг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах аливаа арга хэмжээний үндэслэл, журмыг хуульд тодорхой заах бөгөөд дур мэдсэн шинжтэй байж болохгүй. Гэвч хуулийн дээрх зохицуулалт эдгээр шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал, хүнийг цагдан хорих үндэслэлийг хэт өргөнөөр, эсхүл дур мэдэн тайлбарлах, хэрэглэхээс сэргийлэх үүднээс хуульд ерөнхий тусгах бус, харин нарийвчлан тодорхойлох ёстой. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл нь яллагдагчийг цагдан хорих үндэслэлээс мөн чанарын хувьд ялгаатай байх зүй ёсны хэрэгцээ, шаардлага тогтоогдоогүй болно. Гэтэл шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг яллагдагчийг цагдан хорих үндэслэлтэй адил нарийвчилж зааж өгөөгүйгээс шүүхээс “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн” гэх хэт өргөн үндэслэлээр, эсхүл хуулийн бусад ерөнхий заалтыг удирдлага болгон шүүгдэгчид уг арга хэмжээг авч байна. Улмаар шүүгдэгчийг цагдан хорих эсэхийг тодорхой, обьектив шалгуургүйгээр үзэмжээрээ шийдвэрлэх бүрэн эрхийг шүүгчид олгосон байх тул түүнийг дур мэдэн, эсхүл ялгаварлан гадуурхаж хэрэгжүүлэх эрсдэлтэй байх бөгөөд шүүгдэгч ямар үндэслэлээр цагдан хоригдох талаар урьдчилан таамаглах, зан үйлээ нийцүүлэх боломжгүй байна.
      Хүнийг цагдан хорих шийдвэрийг гагцхүү шүүх гаргах бөгөөд цагдан хориход баримталсан үндэслэлийг шийдвэртээ бичих үүрэгтэй. Үүний үндсэн дээр цагдан хорих тухай шийдвэрийн үндэслэлийг тус шийдвэрт гомдол гаргах болон хууль зүйн туслалцаа авах эрхийн хамт тухайн хүнд даруй мэдэгдэнэ. Гэтэл зарим шүүх шийдвэртээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх үндэслэлийг хуулийн заалт болон үйл баримтад тулгуурлан ойлгомжтой бичээгүй тохиолдол гарч, улмаар шүүгдэгч цагдан хоригдсон шалтгаан, үндэслэлээ даруй мэдэх эрхээ эдэлж чадахгүй байна.
     Шүүгдэгчийг цагдан хорих журмыг хуульд тодорхой зааж, биелэлтийг хангах нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын шаардлага бөгөөд түүнийг дур мэдэн хэрэгжүүлж болохгүй. Тухайлбал, шүүгдэгчийг цагдан хорих журамд тус арга хэмжээний хугацааг тогтоох зэрэг өргөн агуулга багтана. Шүүгдэгчийг цагдан хорих хугацааг тусгайлан хуульчлаагүй ч практикт энэ хугацааг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаагаар хязгаарладаг гэж ойлгодог байна. Гэвч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаа дараа сунгах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах, дээд шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах зэрэг шалтгаанаар уг хугацаа хэтэрч хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах тохиолдол гардаг бөгөөд ийнхүү удаашрах нь яллагдагч, шүүгдэгчийг урт хугацаагаар цагдан хориход нөлөөлж байна.
      Шүүгдэгчийг цагдан хорих, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх хугацааны дээд хязгаарыг хуульд тогтоохоос илүүтэй зарчмын шинжтэй зохицуулалт байх боломжтой ч энэ нь хангалттай хуульчлагдаагүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “шударга шүүхээр шүүлгэх эрх” нь зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх болон бусад баталгааг багтаасан өргөн агуулгатай. Энэ баталгаа нь хуулиар тогтоосон хугацаанд хэргийг шийдвэрлүүлэхээс гадна үндэслэл бүхий хугацаанд аль болох шуурхай хянан шийдвэрлэхийг шаардана. Гэвч зохисгүй удаашралгүйгээр шүүлгэх эрх, уг эрхийг хангасан эсэхийг тодорхойлох хүчин зүйлийг хуульд бүрэн тусгаагүйгээс хянан шийдвэрлэх ажиллагаа зохисгүй удааширсан эсэх, энэ явцад шүүгдэгчийг зайлшгүйгээс урт хугацаагаар цагдан хорьсон эсэх зэрэг асуудлыг тогтоох боломж хумигдмал байна. Түүнчлэн шүүх хуульд заасан үндэслэлээр хүнийг цагдан хорихоор шийдвэрлэснээс хойш тодорхой хугацааны, тухайлбал, 1-3 сарын давтамжтайгаар тухайн үндэслэл арилсан эсэхийг тогтмол хянах журмыг хуульчлаагүй байна. Ийм учраас шүүгдэгчийг зайлшгүйгээс илүү урт хугацаагаар цагдан хорих, энэ арга хэмжээ шүүхийн хяналтаас гадуур болох, улмаар шүүгдэгч эрүү шүүлт, эсхүл хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагад өртөх, эсхүл амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна. 
         Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилготой, энэ зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг цагдан хорьж болохоор зохицуулсан нь тус ажиллагааг хэвийн явуулах зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, уялдаатай байна. Гэвч энэ зохицуулалт нь хэт ерөнхий үндэслэлээр шүүгдэгчийг цагдан хорихыг шүүхэд зөвшөөрч, шүүгдэгчийг ялимгүй үндэслэлээр, эсхүл огт үндэслэлгүйгээр үзэмжээрээ, эсхүл дур мэдэн цагдан хорих, зайлшгүй шаардлагатайгаас илүү урт хугацаагаар цагдан хорих эрсдэл үүсгэсэн учраас тэнцвэргүй байна. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг хуульд тодорхой зааж, уг үндэслэл арилсан эсэхийг шүүхээс давтамжтайгаар хянах, зохисгүй удаашралгүй шүүлгэх журмыг хуулиар баталгаажуулснаар дээрх хууль ёсны зорилгод адилхан хүрэх боломжтой бөгөөд маргаан бүхий зохицуулалттай харьцуулахад бие махбодын эрх чөлөөнд илүү бага халдахаар байна. 
      Үндсэн эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэх, дур мэдсэн эсэх, тохирсон эсэхийг шүүхээс үр нөлөөтэй хянах шаардлагатай. Шүүгдэгчийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байх боловч уг шийдвэрт гомдол гаргах, давтамжтайгаар шүүхээс хянах журмыг тодорхой хуульчлаагүй байна. Мөн шүүх шүүгдэгчид уг арга хэмжээг авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ цагдан хорих үндэслэл байгаа, эсхүл арилсан эсэхийг нэг бүрчлэн нягталж, хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тухай бүр хангагдахгүй байх бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч биечлэн оролцох эрхтэй эсэх нь хуулийн зохицуулалтаас тодорхойгүй байх тул шүүхийн хяналтын үр нөлөө алдагдаж байна.
     Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу төрөөс хүний бие махбодын эрх чөлөөг хасахгүй байх негатив үүрэгтэй ч энэ эрх чөлөөг хасах буюу хүнийг баривчлах, хорих тохиолдолд түүний үндэслэл, журмыг хуульд тодорхой заах, дур мэдэн хэрэгжүүлэхгүй байх позитив үүргийг хүлээнэ. Гэвч дээр дурдсанчлан шүүгдэгчийг цагдан хорихтой холбоотой позитив үүргээ төр бүрэн биелүүлээгүй байна.
        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг энэ дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлэх нь шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл хэвээр үргэлжлүүлэх хуулийн зохицуулалтад хийдэл үүсгэх эрсдэлтэй байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “… Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.” гэж заасны дагуу тус зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэх хугацаа олгох үндэслэлтэй байна.
       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир энэхүү дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болно.
      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна:” гээд 1.5 дахь заалтад “цагдан хорих;” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “… энэ зүйлийн … 1.5, …-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэжээ. Шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар ийнхүү зохицуулсан нь хүнийг хорих аливаа арга хэмжээ шүүхийн хяналтад байх зарчмыг хангахтай холбоотой байх тул Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
      Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй.” гэж заасан. Уг зохицуулалт нь шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа яллагдагчийг цагдан хорьсон хугацаанд хамаарахгүй гэдгийг нэг мөр болгох замаар эрх зүйн тодорхой байдлыг хангахад үйлчлэх бөгөөд үндсэн эрхийг хязгаарласан шинжгүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

                                                                            Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн