БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хуулийн сургуулийн оюутнууд удирдагч багшийн хамт 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хууль зүйн сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2011 онд Солонгосын эрх зүйн боловсролын төвийг байгуулсан бөгөөд жил бүр хоёр улсын эрх зүйн соёлтой танилцах, сургалт солилцооны хөтөлбөрийг зохион байгуулдаг.

Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 16 оюутанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, Цэцэд өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт гаргах, хэрэг маргаан хуваарилах, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон Тамгын газрын үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох судлаач, мэргэжилтнүүд өглөө.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн хөгжил, Цэцээс шийдвэрлэсэн олны анхаарал татахуйц жишиг маргааны талаар оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

