Эд хөрөнгийн үнийг бууруулж бүртгэхгүй нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2025, №06)-ийн тойм

  • Post author:

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн маргаан бүхий заалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

      Өмчлөх эрх нь Үндсэн хуульд тухайлан заасан иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх … эрхтэй. …” гэж баталгаажуулжээ. Өмчлөх эрхийн хэрэгжих гол хэлбэр нь хэлцэл буюу гэрээ юм. Гэрээний эрх чөлөөний агуулга нь хүн бүр гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй шийдэх ба гэрээ байгуулах тал, гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцааны үндсэн зарчим юм. Уг зарчим нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хөрөнгө чөлөөтэй олж авах үндсэн эрхийг хэрэгжүүлэх суурь болдог. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний эрх чөлөөг бататган хуульчилсан байна.

      Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх …” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хуулиар хязгаарлаж байгаа тохиолдолд эрх зүйн тодорхой байдал, түүнчлэн тохирсон байх зарчмыг хангаж байж хууль дээдлэх зарчимд нийцсэн хязгаарлалт болох юм. Үндсэн эрхийн хязгаарлалт нь эдгээр зарчмыг хангасан байх шаардлагатай.

     Маргаан бүхий зохицуулалтад өмчлөх эрх болон түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бусад эрх, газрын эрхийг худалдах, эсхүл шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд гэрээ, хэлцэл, эсхүл эрх шилжүүлсэн шийдвэрт тусгагдсан үнэ; газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ, эсхүл барьцаалбарт тусгагдсан тухайн эд хөрөнгийн барьцааны үнээр эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тусгах бөгөөд дээрх үнэд орсон өөрчлөлтийг хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр тогтоолгосноос бусад тохиолдолд хамгийн сүүлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үнээс бууруулан бүртгэхгүй байхаар хуульчилсан байна.

     Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн зохицуулалт нь газар өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх худалдах, шилжүүлэх тохиолдолд үйлчилж байгаа боловч хуульд заасан бусад тохиолдолд буюу газар эзэмших, ашиглах эрх худалдах, шилжүүлэх, газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зэрэг харилцаанд зохих ёсоор үйлчлэхгүй байна.

     Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй бөгөөд өмчлөлийн зүйлийн үнийг өөрөө тогтоох эрхтэй. Өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хязгаарлаж болно. Энэ тохиолдолд хуулийн зохицуулалт нь тодорхой байх, түүнийг хэрэгжүүлэх журмыг тухайлан хуульчилсан байх ёстой. Маргаан бүхий хуулийн зохицуулалттай уялдуулан “газрын эрх” “улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ, эсхүл барьцаалбарт тусгагдсан тухайн эд хөрөнгийн барьцааны үнэ” зэрэг зохицуулах зүйлийн хувьд олон талтай, хамрах хүрээ нь өргөн томьёоллыг хууль тогтоогч хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн боловч тодорхой зохицуулалтыг хуульчилж өгөөгүйгээс хуулийн үйлчлэлд хамаарч байгаа иргэд, хуулийн этгээдийн дунд төдийгүй хууль хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтны хувьд тодорхойгүй байдлыг бий болгожээ.

     Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлийг хамгаалах зорилготой байх ёстой.  Ийм шаардлагыг хангаж байж зүй ёсны шинжтэй болдог. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэхүү зохицуулалтыг “эрхийн улсын бүртгэлд тусгах газрын хязгаарлагдмал эрх, гэрээгээр ашиглах эрх, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлох үндэслэл, дэс дарааллыг бодитой болгон зохицуулалтыг өөрчлөх” зорилгоор боловсруулсан гэж тусгасан байна. Харин Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарт үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулах татварыг бага хувь хэмжээгээр төлөх зорилгоор гэрээний үнийн дүнг зориуд бууруулж тогтоох үзэгдэл түгээмэл гарах болсон бөгөөд татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийг баталсан гэжээ.

      Хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмын хүрээнд энэ төрлийн татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох боломжтой бөгөөд шаардлагатай бол үндсэн эрхийг хязгаарлахгүйгээр татварын хууль тогтоомжид тохирсон нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. 

     Маргаан бүхий хуулийн зохицуулалтын дагуу хуулийн үйлчлэлд хамаарч байгаа иргэд өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан гэрээ, хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжгүй байх, улсын бүртгэлд бүртгүүлэх төрийн үйлчилгээ авч чадахгүй байхаас гадна, зөвхөн эрх бүхий үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээг хийлгүүлж, эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоолгосны үндсэн дээр өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэн нь талуудын тохирсон гэрээний үнээс өөр байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж болох эсэх, гэрээний үнээр нь бүртгэл хийх, эсхүл үнэлгээчний тогтоосон үнэ цэнээр нь бүртгэл хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд албан тушаалтан дур мэдэн өөрийн үзэмжээр хуулийг хэрэгжүүлэх боломжийг бий болгосон байна.

     Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хууль ёсны зарчимд нийцэхгүй байдлаар хязгаарласан, иргэдээс цаг хугацаа, илүү зардал шаардсан, нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тодорхойгүй зохицуулалт болох нь тогтоогдож байна.

     Татвар төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч бүрийн өмчөө захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь тэнцвэртэй байх шалгуурыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөхөөс зайлсхийх эрсдэлтэй татвар төлөгчийн зөрчлийг арилгахын тулд бусад өмчлөгчийн өмчлөх эрх болон өмчөө чөлөөтэй захиран зарцуулахтай холбоотой гэрээний эрх чөлөөнд хязгаарлалт бий болгосноор тэнцвэртэй байх шалгуур алдагдсан байна.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.