Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байна.
Татвар бий болгох, хувь хэмжээ тогтоох, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, буцаан олгох нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд Улсын Их Хурал нь татвар тогтоох, ногдуулах талаар гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан сонгогчдын өмнө ардчилсан сонгуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тиймээс татвар бий болгох, ногдуулах эсэх нь Үндсэн хуулийн зарчим, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хөндсөн, дур мэдэн татварын хэт өндөр хувь хэмжээ тогтоосноос бусад тохиолдолд ардчилсан ёс, эрх мэдэл хуваарилах хүрээнд Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах улс төрийн бодлогын асуудал болно. Иргэний мэдээлэлд зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод шаталсан татвар ногдуулж, бусад орлогод шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулаагүй нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэжээ. Зарим орлогын төрөлд шаталсан татвар ногдуулах эсэх, татварын хувь хэмжээг хэрхэн тогтоох нь татвар хураалтын үр ашиг, татвар тайлагнах, хянан шалгах системийн онцлог, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчийг дэмжих, татвараас зайлсхийх эрсдэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шийдвэрлэх улс төрийн бодлогын асуудал байна. Харин орлогын түвшинг харгалзан өндөр орлоготой иргэдэд бусдаас илүү өндөр хувь хэмжээгээр татвар ногдуулахаар заасан маргаан бүхий хуулийн зохицуулалт нь Үндсэн хуульд тусгагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөө, тэгш байдал, эрх тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хөндсөн байх тул Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах нь зүйтэй байна.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдлын зарчим нь өргөн агуулгатай бөгөөд хүн бүрийн хууль ёсны ашиг сонирхлыг адил тэгш хүндэтгэж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх тэгш боломж бүрдүүлэхийг шаарддаг. Тэгш боломж бүрдүүлэх гэдэгт төрөөс нийгмийн шударга ёсыг хангахад чиглэсэн шаардлагатай зохицуулалт хийхийг ойлгоно. Өнгөрсөн хугацаанд нийгэмд нэгэнт бий болсон тэгш бус байдлын сөрөг үр нөлөөг бууруулахын тулд иргэдэд хуулиар ялгамжтай хандах нь тэгш байдлын зарчимд нийцнэ. Тэгш байдлын зарчим нь татвар төлөгчийн орлогын түвшин, эдийн засаг, санхүүгийн чадавхад тохирсон хувь хэмжээгээр татвар ногдуулахыг шаарддаг. Өдөр тутмын зайлшгүй хэрэгцээнд зарцуулах орлогоосоо татвар төлдөг бага орлоготой иргэдтэй харьцуулахад өндөр орлоготой хүмүүс зайлшгүй хэрэгцээндээ зарцуулах зардлаа хэмнэлгүйгээр бусад татвар төлөгчөөс илүү хувь хэмжээгээр татвар төлөх чадвартай. Маргаан бүхий хуулийн зохицуулалт татвар төлөгчийн санхүүгийн чадавхыг үндэслэл болгосон байх тул тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчим нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх, хуулийн хэрэгжилт, хэрэглээнд ялгаварлан гадуурхалт үүсгэхгүй байх агуулгыг илэрхийлнэ. Хувь хүний орлогын албан татварын шаталсан хувь хэмжээг тогтоохдоо дур мэдэн хуулийг хэрэглэх, үндэслэлгүйгээр ялгаварлах байдлаар хуулийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, холбогдох этгээдэд хуулийн заалт тэгш үйлчлэхээр хуульчилсан байх тул эрх тэгш байх зарчмыг зөрчөөгүй байна.
Маргаан бүхий хуулийн зохицуулалт нь 120 000 001-ээс дээш жилийн орлоготой татвар төлөгчийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг хөндөж, хөрөнгө чинээгээр ялгамжтай хандсан байна. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тоочин нэрлэсэн хувийн шинжээр ялгаварласан, уг заалтад нэрлэгдээгүй шинжээр ялгамжтай хандсанаар ноцтой хохирол учруулж болохуйц нөхцөл бүрдсэн бол хууль дээдлэх ёсны тохирсон байх зарчмын шаардлагыг хангасан эсэхийг, бусад тохиолдолд үндэслэл бүхий эсэхийг шалгана. Хуулиар ялгамжтай хандсан нь бодитой үндэслэл бүхий буюу дур мэдэн ялгаварлаагүй, төрийн хууль ёсны зорилгод нийцсэн, зайлшгүй байх, тэнцвэртэй байх шалгуурыг тус тус хангаж байх тул Үндсэн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхалт гэж үзэх үндэслэлгүй байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.