Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм

  • Post author:

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар дүгнэлтээр Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэсэн.

      Эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх, итгэл үнэмшил, үзэл бодолтой байх зэрэг туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд уул хязгаарлалт нь хуульд тодорхой заагдсан, тохирсон, шүүхийн хяналтад байх зэрэг нөхцөлийг хангахыг Монгол Улсын Үндсэн хуулиар шаарддаг бөгөөд эдгээр нөхцөлийн аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Түр саатуулах ажиллагаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар хамгаалсан бие махбодын эрх чөлөөг хязгаарлах үр дагавартай тул эдгээр нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

      Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.” гэж заасан байна. Гэтэл мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүнийг түр саатуулах байранд хүргэснээс эхэлж 6 цаг хүртэл хугацааг тооцох тул ийнхүү хүргэхээс өмнөх эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь түр саатуулсан хугацаанд тооцогдохгүй байх үр дагавартай байна. Энэ нь урт хугацаагаар эрх чөлөөг хасах, хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй байх эрсдэл үүсгэж, үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах нөхцөл зөрчигдөх боломжийг бий болгож байна. Мөн түр саатуулах буюу хүний эрх чөлөөг хасахтай холбогдсон асуудлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын баталсан хэм хэмжээний акт (журам)-аар зохицуулж байгаа нь үндсэн эрхийг зөвхөн хуульд тодорхой заасан үндэслэл, журмаар хязгаарлах Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн түр саатуулах байр гэдэгт өөр өөр агуулгыг ойлгож болох тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

     Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байх шаардлагатай бөгөөд энэ шаардлага нь эрх чөлөөг дур мэдэн хязгаарласан эсэхийг тогтооход хэрэглэгдэнэ. Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуур тавигдана. Иймд хүнийг түр саатуулж болох хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцох зохицуулалт эдгээр шалгуурыг хангах учиртай.

      Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байх бөгөөд уг хязгаарлалт болон зорилго нь хоорондоо уялдаатай байна. Хязгаарлалт нь зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчлэх буюу чиглэсэн байхыг уялдаатай байх зарчим шаардана. Төрөөс тодорхой зорилгод хүрэхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлоход сонголт хийх өргөн боломжтой боловч тухайн сонголт нь тэрхүү зорилгод хүрэхэд үйлчилж, уялдсан байвал зохино. Түр саатуулах ажиллагаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж үзэхээр байна. Хүнийг түр саатуулах байранд хүргэх хүртэл тодорхойгүй хугацаагаар болон түр саатуулах байранд хүргэснээс хойш 6 цаг хүртэл хугацаагаар бие махбодын эрх чөлөөг нь хасаж буй учраас тухайн хүний зүгээс гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журмыг болон олон нийтийн аюулгүй байдлыг гажуудуулах бараг боломжгүй болох тул мөн зүйлийн 26.2 дахь хэсэг нь дээр дурдсан хууль ёсны зорилгод үйлчлэхээр байна.

     Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ зарчим шаардана. Түр саатуулах байрны тодорхойлолтыг хуульчлаагүйгээс хүнийг хаана хүргэснээс эхлэн түр саатуулсанд тооцох нь тодорхойгүй болж, 6 цагаас илүү урт хугацаагаар эрх чөлөөг нь хасах магадлалтай. Гэхдээ түр саатуулах байр гэж юуг ойлгохыг нэг мөр болгож хуульчилсан ч зайлшгүй байх зарчим алдагдахаар байна. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулахаар заасан бол 26.2 дахь хэсэгт хүнийг тодорхойгүй буюу 6 цагаас илүү урт хугацаагаар саатуулж, бие махбодын эрх чөлөөг нь хасах боломжийг бий болгож өргөтгөжээ. Иймд уг зүйлийн 26.2 дахь хэсэг нь эрх чөлөөнд хамгийн бага халдсан зохицуулалт биш учраас дээр дурдсан зорилгод хүрэхэд зайлшгүй байх зарчмыг хангахгүй байна.

     Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалт нь хууль дээдлэх ёсны  үүднээс зөвтгөгдөх боломжтой. Харин зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу түр саатуулагдсан хүн бол гэмт хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй байгааг уг харилцааг зохицуулахад анхаарах нь зүйтэй. Уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь гэмт хэрэгт холбогдоогүй байгаа хүнийг тус зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хэт ерөнхий үндэслэлээр 6 цагаас илүү урт хугацаагаар түр саатуулах нь үүний цаана зөрчигдөж буй бие махбодын эрх чөлөөнөөс дээгүүр ашиг сонирхол гэж үзэхгүй юм.

     Үндсэн эрхийг хязгаарласан аливаа арга хэмжээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эсэх, дур мэдээгүй эсэх, тохирсон байх зарчмыг хангасан эсэх зэргийг шүүхээс тухайн арга хэмжээний өмнө эсхүл дараа хянах шаардлагатай. Гэтэл түр саатуулах ажиллагаанд шүүхийн хяналт үр нөлөөтэй хэрэгжихээргүй байх бөгөөд одоогийн хяналтын тогтолцоо нь төвийг сахисан, бодитой байх шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал, уг хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан ч түр саатуулагдсан нь хууль ёсны эсэхийг хянуулахаар шүүхэд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, хууль бусаар саатуулагдсаны улмаас үүссэн хохирлоо хэрхэн нөхөн төлүүлэх зэрэг эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан журамлаж хуульчлаагүй, уул гомдлыг шүүх хойшлуулшгүйгээр шийдвэрлэх талаар тусгаагүй байна.

      Саатуулагдсан хүнд холбогдох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх нарийвчилсан зохицуулалтыг хуульчлаагүй байна. Тодруулбал, уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээ авах болсон үндэслэл, шалтгааныг тухайн этгээдэд мэдэгдэхээр ерөнхий заасан ч хэзээ мэдэгдэх тухай, ялангуяа түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг түр саатуулах үед нь мэдэгдэх талаар тусгайлан хуульчлаагүй байх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хүнийг түр саатуулсан даруй тухайн хүний талаар 18 насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэхээр заасан ч эдгээр хүмүүст юуг мэдэгдэх тухай, тухайлбал түр саатуулсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэх тухай тодорхой үүрэгжүүлээгүй байна. Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт цагдаагийн алба хаагч нь авсан арга хэмжээтэй холбогдон хүнд өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй гэж заасан ч хэзээ тайлбарлаж өгөхийг хуульчлаагүй учраас эдгээр эрхийг баталгаатай эдэлнэ гэдгийг нь саатуулах үед нь буюу нэн даруй тухайн хүнд ойлгомжтойгоор мэдэгдэх шаардлага хангагдаагүй байна. Мөн саатуулсан шалтгаан, үндэслэлийг гэр бүлийнхэн болон өмгөөлөгчдөө мэдэгдэх, тэдгээртэй холбоо тогтоох, баривчилсан эсхүл саатуулсан нь хууль зөрчсөн эсхүл дур мэдсэн эсэхийг шүүхээр хянуулах, гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, зүй бус хандсан эсхүл эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг мэдэгдэх талаар тодорхой тусгаагүй байна.

Үр дагавар

      Энэхүү шийдвэр нь Үндсэн хуульд баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх эрх, түүний дотор бие махбодын эрх чөлөөний агуулгыг тодорхойлон, үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах нөхцөлд нийцсэн эсэхийг шалгаж дүгнэсэн. Тодруулбал, туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд уул хязгаарлалт нь хуульд тодорхой заагдсан, тохирсон, шүүхийн хяналтад байх зэрэг нөхцөлийг хангахыг Үндсэн хуулиар шаарддаг бөгөөд эдгээр нөхцөлийн аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно гэж үзсэн. Мөн тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуур тавигдана гэж дүгнээд шалгуур тус бүрийг тайлбарлаж хэрэглэсэн.

     Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 18 дугаар тогтоол гаргаж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна.” гэж өөрчлөн найруулжээ.

Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.