Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.”, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн дагуу иргэн бүр сонгуульд оролцох (сонгох, сонгогдох) тэгш боломжоор хангагдана гэдгийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт удаа дараа тэмдэглэж байжээ. Сонгуульд оролцох тэгш боломж нь сонгуулийн өрсөлдөөний нөхцөл оролцогч бүрд шударгаар үйлчлэх, улмаар сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх урьдач нөхцөл болно.
Сонгуулийн жил эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн төдийгүй бусад иргэн хийсэн ажлын тайлангаа тараах, уул тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх болон хуулиар хориглоогүй бусад арга хэмжээ явуулах нь нээлттэй байна. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгээр сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн сурталчилгааны хугацаанаас өмнө Улсын Их Хурлын гишүүнд ажлын тайлангаа тараах, уулзалт хийх давуу байдлыг олгож, бусад иргэнд хориглосон агуулгыг илэрхийлж байх тул сонгуульд оролцох тэгш боломжийг хязгаарласан шинжтэй байна.
Үндсэн эрхэд тавих аливаа хязгаарлалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг зарчимд нийцэх шаардлагатай. Гэтэл маргаан бүхий зохицуулалт нь дараах үндэслэлээр эдгээр зарчмыг хангахгүй байх тул иргэний сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсан байна.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмын дагуу үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах бөгөөд уг хязгаарлалт нь хоёрдмол утгагүй, тодорхой, үр дагаврыг урьдчилан таамаглаж, мэдсэнээр зан үйлээ нийцүүлэх боломжтой байдлаар хуульчилбал зохино. Гэтэл маргаан бүхий зохицуулалтаар нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн ажлын тайлан тараах, уг тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой уулзалт хийх давуу байдлыг олгосон байх бөгөөд ийм боломжийг бусад иргэнд зөвшөөрсөн эсэх нь хуулийн зохицуулалтаас ойлгомжгүй байна. Улсын Их Хурлын гишүүний хийсэн ажлын тайланд ямар шаардлага тавих, ямар мэдээлэл тусгаж болох эсхүл болохгүй, сонгуулийн сурталчилгааны агуулга оруулж болох эсэх, түүнд хэн яаж хяналт тавих нь тодорхой хуульчлагдаагүй. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн “нэр дэвшихээр бол” ажлын тайлан тараах нөхцөлийг тусгасан бөгөөд ажлын тайлан болон сурталчилгааны материал хоорондын ялгааг тодорхойлоогүй учраас ийм тайлан тараах нэрээр сонгуулийн сурталчилгаа хийх эрсдэлийг үүсгэжээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “хуулиар хориглоогүй бол иргэнд зөвшөөрөх” зарчмыг хуульчлах зорилготой бол яагаад гагцхүү Улсын Их Хурлын гишүүнд зориулан тусгайлан заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс эрх зүйн тодорхой байдал хангагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах шаардлагатай. Улсын Их Хурлын гишүүнд тайлан тараах, уулзалт хийх давуу байдал олгосон нь сонгогчидтой нягт холбоо, эгэх хариуцлагатай байх хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай байх боловч адил байдлаар тайлан тараах, уулзалт хийхийг Улсын Их Хурлын гишүүн бус иргэнд илт зөвшөөрөөгүй учраас сонгуульд оролцох тэгш боломжийг хамгийн бага хязгаарласан арга зам гэж үзэхгүй тул зайлшгүй байх шалгуурт нийцээгүй байна. Парламентын гишүүн ард түмнийг төлөөлж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулахыг зөвшөөрөх нь үндэслэлтэй байж болох ч ирээдүйд ард түмнийг төлөөлөх хүсэлтэй иргэн ч өөрийн үзэл бодол, үйл ажиллагааг нийтэд танилцуулах адил боломжоор хангагдах хэрэгтэй. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалт нь сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн бус иргэн адил байдлаар тайлан тараах, сонгогчидтой уулзах нь сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болох (нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсхүл нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох) ноцтой үр дагаварт хүргэх эрсдэл дагуулж, улмаар гишүүн болон бусад иргэний хооронд шударгаар өрсөлдөх нөхцөлийг алдагдуулж байх тул тэнцвэргүй байна.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр эрх тэгш байх зарчим нь үндсэн эрхийг эдлүүлэх болон бусад хүрээнд хүмүүст дур мэдэн буюу зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандахыг хориглох зэрэг өргөн агуулгатай. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа тараах, тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх замаар өөрийгөө сонгогчдод таниулах давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон байх тул ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч болохын хувьд бусад этгээдээс эрх зүйн байдлын хувьд ялгаатай субъект мөн боловч сонгуулийн жил эхэлснээр нэр дэвшихээр бол нэр дэвших сонирхол бүхий бусад иргэнтэй адил эрх зүйн байдалтай гэж үзэх тул сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн хязгаарлалт, эрх, үүрэг нь нэгэн адил үйлчилнэ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 25 дугаар Ерөнхий тайлбарт зааснаар иргэн, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгч нар хоорондоо нийтийн болон улс төрийн аливаа асуудлаар мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй солилцох боломжтой байх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлэх урьдач нөхцөл болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь Пактаар хамгаалагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг, үүний дотор “улс төрийн материал хэвлэн нийтлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах, улс төрийн үзэл санаагаа сурталчлах” эрх чөлөөг хязгаарласан байх ч Улсын Их Хурлын гишүүнд бусад иргэнээс илүү давуу байдлыг зохих үндэслэлгүйгээр бий болгосон нь Пактын 25 дугаар зүйлд заасан эрх, боломжийг ялгаварлан гадуурхалгүйгээр эдлүүлэх үзэл баримтлалд нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.
Сонгуулийн үеийн хууль зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаанаас үзвэл дийлэнх ардчилсан улсад ажлын тайлан тараах, сонгогчтой уулзах давуу байдлыг парламентын гишүүнд олгохоос татгалзаж, харин үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавих хязгаарлалт нь парламентын гишүүн болон бусад иргэнд тэгш үйлчлэх, парламентын гишүүний давуу байдлыг хязгаарлаж сонгуульд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх чиг хандлагатай байна.
Сонгуульд оролцох тэгш боломжоор хангах үүднээс аль нэг субъектэд зохих үндэслэлгүйгээр давуу байдал олгохгүй байх нь Үндсэн хуульд нийцнэ. Сонгуулийн сурталчилгааны болон бусад хэм хэмжээ нь Улсын Их Хурлын гишүүн эсэхээс үл хамааран ижил үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэнд болон бүх үед тэгш үйлчлэх, тухайлбал сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын гишүүний сонгогчдод ажлын тайлан тараах, уулзалт хийх боломжийг бусад иргэнтэй адилхан хязгаарлах эсхүл ийм боломжийг Улсын Их Хурлын гишүүн болон бусад иргэнд адилхан эдлүүлэх зэрэг тэнцвэржүүлэх зохицуулалтыг тодорхой хуульчлах нь тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчимд нийцнэ. Энэ хүрээнд сонгуульд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бий болгож, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг эрх чөлөөг хэн бүхэнд тэгш эдлүүлэх, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагааны ил тод байдал, эгэх хариуцлагыг хангахын тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.
Дээрхээс үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангаагүй тул иргэний сонгуульд оролцох тэгш боломжийг алдагдуулж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Үр дагавар
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 32 дугаар тогтоол гаргаж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон бол мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж өөрчлөн найруулжээ.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн