Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Энэхүү хуралдаанаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байх тул холбогдох заалтыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, Цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт гаргалаа.