Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын зөвлөлийн Венецийн комисс хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” олон улсын семинарыг 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр анх батлагдсан бөгөөд энэ хууль Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг 1997 он хүртэл дангаараа зохицуулж ирсэн. Улмаар 1997 онд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль батлагдсанаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Энэхүү семинарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Венецийн комиссын нарийн бичгийн дарга, захирал Симона Граната-Менгини, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар нээж үг хэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хэлсэн үгэндээ “Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, өөрийн орны онцлогт тулгуурлан олон улсын сайн туршлага, дотоод, гадаадын судалгааны санал, зөвлөмжийг харгалзан сүүлийн жилүүдэд шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдсэн шинэтгэлтэй уялдуулахыг зорьсон. Уг хуулийн төслүүд батлагдсанаар Цэц ардчилсан, эрх зүйт төртэй бусад улсын Үндсэн хуулийн шүүхийн жишигтэй адил болж, хараат бус үйл ажиллагаа явуулах баталгаа бүрдэж, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ бүрэн дүүрэн, үр нөлөөтэй гүйцэтгэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэлийн ажлын хүрээнд Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх, тэр дундаа Үндсэн хуулийн процессын хөгжилд чухал нөлөө үзүүлэх үр дүнтэй”-г онцлон тэмдэглэлээ.
Мөн Венецийн комиссын дэд ерөнхийлөгч Марта Картабиа (Итали), Венецийн комиссын гишүүн асан, шинжээч Филип Димитров (Болгар), Венецийн комиссын гишүүн Владимир Варданян (Армян) нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон бол олон улсын болон өөрийн орны сайн туршлагын тухай зөвлөмж мэдээллүүдээр илтгэл тавьсан юм.
Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийн танилцуулга”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Солонго “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн танилцуулга”-ыг тус тус хийж хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол өөрчлөлтүүдийг танилцуулсан юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс гадна хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллын төлөөлөгчид, хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын багш, эрдэмтэн судлаач, өмгөөлөгч нар, иргэний нийгмийн байгууллын төлөөлөгчид өргөнөөр оролцлоо.

Семинарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шинэтгэл ба ардчилал хүний эрх” төсөл, Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн тус тус дэмжин оролцсон юм.