Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газрын төлөөгчдийг хүлээн авч уулзлаа

  • Post author:

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нар Канад Улсын Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.05.22/ хүлээн авч уулзав.

        Цэцийн дарга Г.Баясгалан уулзалтын эхэнд Монгол Улсын шүүх эрх мэдлийг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болсонд талархаж буйгаа илэрхийлэв.

      “Монгол Улсад хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” төсөл нь Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2025-2030 оны хооронд 5 жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газар хариуцан хэрэгжүүлнэ.

     Төслийн зүгээс Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн академи зэрэг салбарын байгууллагууд, мөн иргэний нийгмийн болон эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар танилцууллаа.

      Талууд төслийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан санал солилцов.

      Уулзалтад Канад Улсын Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канадын Үндэсний шүүхийн хүрээлэнгийн захирал Том Крабтри, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Коммиссарын газрын Дэд комиссар Эрролин Хамфрис, тус газрын Олон улсын хөтөлбөрийн хэлтсийн дарга Олег Шахов нар оролцов.