Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас санаачлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран “Улс үндэстэн цогцлооход Энэтхэг болон Монголын Үндсэн хуулийн оруулсан хувь нэмэр” сэдэвт бага хурлыг өнөөдөр /2025-04-14/ зохион байгууллаа.
Уг арга хэмжээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндсэн хууль батлагдсаны 75 жил, Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ба Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Д.Гангабаатар нар хүндэт зочноор уригдан оролцлоо.

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн зүйрлэсэн байдаг бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндсэн хуулийн эцэг Амбедкар “Үндсэн хууль бол эрхзүйн баримт бичиг төдий зүйл биш, эрин зууныг тээгч амьдралын амин сүнс мөн” хэмээн тодорхойлж байсан нь өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна. Үндсэн хуульт ёсыг дэлгэрүүлэн тайлбарлаж буй Энэтхэгийн онол, туршлага цаашид Монгол Улсад жишиг болох боломжтой. Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд хууль зүйн шинжлэх ухааны танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээг тэлж өргөтгөх шаардлага бий” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.