Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан өнөөдөр /2025.04.09/ НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч др. Ана Брайан Нугрересийг дагалдан яваа хүмүүсийн хамт Цэцийн ордонд хүлээн авч уулзлаа.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан уулзалтын эхэнд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн чиг үүрэг, зохион байгуулалт, өргөдөл, мэдээлэл хүлээн авах болон маргаан хянан шийдвэрлэх процессын тухай товч танилцуулсан юм.

Тэрээр, хүний хувийн мэдээллийг хамгаалах хүрээнд Монгол Улс 1995 онд “Хувь хүний нууцын тухай” хуулийг анх удаа баталсан бол 2021 онд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг шинээр баталж хэрэгжүүлж байгааг тодотгов. Уг асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэц 2023 онд 03, 2024 онд 03, 04 дүгээр дүгнэлтийг тус тус гаргаж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийн хүрээнд хувийн халдашгүй байх эрх болон хувийн мэдээлэл халдашгүй байх эрхийг хамгаалсан тухай мэдээлэл өгсөн.
2024 оны 04 дүгээр дүгнэлтийн дагуу “хувийн халдашгүй байх эрх” нь хувийн мэдээлэл халдашгүй байх, бусдын хараа хяналтаас ангид өөрийнхөөрөө чөлөөтэй байх, өөрийн онцлог шинжийг чөлөөтэй илэрхийлэх, бусадтай хувийн харилцаа тогтоох, хувийн амьдралтайгаа холбоотой сонголт хийх зэрэг эрх чөлөөг багтаадаг бол “хувийн мэдээлэл халдашгүй байх эрх” нь хүн өөрийн хувийн мэдээллийг нийтэд дэлгэх эсэх, хэзээ, ямар хэмжээгээр дэлгэхээ шийдэх, хувийн мэдээллийг хязгааргүйгээр цуглуулах, хадгалах, боловсруулах, ашиглах, бусдад дамжуулахаас хамгаалуулах зэрэг агуулгатай гэдгийг тэрээр онцоллоо. Эдгээр болон бусад үндсэн эрхийн хязгаарлалт нь тодорхой хуульчлагдсан байх, тохирсон байх, шүүхийн хяналтад байх зэрэг зарчмыг хангах шаардлагатай гэж Үндсэн хуулийн цэцээс удаа дараа шийдвэрлэснийг дурдсан байна.

НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч др. Ана Брайан Нугререс хувь хүний мэдээлэл /дата/-ийг хамгаалах, тухайлбал хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, шинэ тутам гарч ирж буй технологийн хэрэглээ болон тодорхой бүлгийн хувийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийхээр манай улсад ирээд байгаа аж.
.