Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм

  • Post author:

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

      Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдлыг хангах, тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд аль нэг зарчмыг нь хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь сонгогдох эрхийг хязгаарласан байх тул энэ талаарх үндэслэл, журам нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх шаардлагатай.

     Хууль дээдлэх ёс нь үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд ийнхүү хязгаарлах үндэслэл, журмыг тодорхой хуульчилбал зохино. Бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлаагүй нь цаг хугацаанд баригдан хайнга хандах, нягтлан шалгахгүй орхих, улмаар иргэн сонгогдох эрхээ эдлэх эсэхийг тодорхой, обьектив шалгуураар бус, харин эрх бүхий этгээд үзэмжээр буюу дур мэдэн шийдвэрлэх эрсдэл үүсгэж байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна. Түүнчлэн сонгогчийн гарын үсэг зуруулах шаардлага нь баримт бичгийн бүрдэлд хамаарах эсэх, тус шаардлагыг хангаагүй бие даан нэр дэвшүүлэгчид нөхөж гарын үсэг цуглуулах боломж олгох эсэх, ийм боломж олговол ямар хугацаа өгөх зэрэг нь тус хуулиас ойлгомжгүй байна.

       Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах шаардлагатай. Гарын үсэг зуруулах тухай дээрх зохицуулалт нь сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, ардчилсан сонгуулийг шударга, үр нөлөөтэй явуулахад уялдаатай байна. Учир нь бие даан нэр дэвшүүлэхэд тодорхой тооны гарын үсэг зуруулах эсхүл барьцаа төлүүлэх зэрэг бусад шаардлагыг хуулиар тогтоохгүй бол хэт олон тооны нэр дэвшигч саналын хуудаст бичигдэж, сонгогчдод төөрөгдөл үүсгэж, нэр дэвшигч нараас үр нөлөөтэй сонголт хийх, саналаа өгөхөд бэрхшээл үүснэ. Гэвч бие даан нэр дэвшүүлэгчид тавьж буй босго нь хүн ам, нийт сонгогчийн болон тухайн тойрогт бүртгэгдсэн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр, тохиромжгүй байна. Иймээс тус заалт нь уг эрхийг хамгийн багаар хязгаарласан арга хэмжээ гэж үзэхээргүй байх тул зайлшгүй бус байна. 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулахыг шаардаж, энэ босгыг агуулгын хувьд хангасан ч түүнд холбогдох зохицуулалтыг хэлбэрийн хувьд ялимгүй зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж сонгогдох эрхийг хасах үндэслэл болохоор хуульчилсан нь тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй гэж үзнэ.

        Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хүн бүр хүн болох хувьдаа угаас тэгш, хүн бүрийг адилхан хүн гэж хүлээн зөвшөөрч хүний ёсоор хүндлэх үүргийг төр хүлээнэ. Иймээс үндсэн эрхийг эдлүүлэх болон бусад хүрээнд дур мэдэн буюу зохих үндэслэлгүйгээр хүнд ялгаатай хандаж болохгүй. Бие даан нэр дэвшүүлэгчид сонгогдох эрхээ эдлэхэд саад болохуйц хэт өндөр босго тогтоосон нь үндэслэлгүй байх тул тэгш байх эрх, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг зөрчсөн байна. Мөн бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүй нь эрх зүйн адил субьектүүд болох бие даан нэр дэвшүүлэгч нарт зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандах нөхцөлийг үүсгэжээ. Түүнчлэн, бие даан нэр дэвшүүлэгч сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилж болох ч намыг бүртгүүлэхэд тавигддагтай адил тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулах босгыг зөвхөн нэг иргэнээс шаардах нь илүү дарамт, ачааллыг зохих үндэслэлгүйгээр үүсгэхээр байна.

     Төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооноос 1996 онд гаргасан 25 дугаар ерөнхий тайлбарт “Нэр дэвшихийн тулд тодорхой тооны сонгогч, дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах шаардлага тавьдаг бол уг шаардлага нь үндэслэл бүхий байх бөгөөд нэр дэвшихэд саад болох ёсгүй” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулахаар хуульчилсан нь Монгол Улсын хүн ам, нийт сонгогчийн болон тухайн тойргийн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр босго байхын зэрэгцээ ийнхүү гарын үсэг зуруулах хугацаа богино, маягтад нарийн мэдээллийг тодорхой бичихийг шаардсан, гарын үсгийг долоо хоногийн хугацаанд түүвэрлэн шалгахаар заасан, гарын үсгийн босгыг агуулгын хувьд хангасан ч холбогдох зохицуулалтыг ялимгүй зөрчсөн гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах боломжтой, алдаа засах боломжит хугацааг хуулиар олгодог эсэх нь эргэлзээтэй, холбогдох үндэслэл, журам нь тодорхойгүй байх тул “үндэслэл бүхий бөгөөд нэр дэвшихэд саад болохгүй байх” шаардлагад нийцээгүй байна.

       Олон улсын сайн туршлагын дагуу гарын үсгийг нягтлан шалгах ажиллагаа нь тодорхой хэм хэмжээгээр зохицуулагдах хэрэгтэй. Дэмжиж байгаа сонгогчийн гарын үсгийн тоо дутуу байгааг хангалттай баримтаар тогтоох, ялимгүй зөрчлийг үндэслэл болгож нэр дэвшигчээр бүртгэхээс шууд татгалзахгүй байх, мэдээллийн алдааг засах боломжит хугацааг бие даан нэр дэвшүүлэгчид олгох зэргээр зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон зохицуулалтыг хийх учиртай. Нягтлан шалгах ажиллагаа нь зарчмын хувьд бүх гарын үсгийг хамрахыг зөвлөдөг. Иймээс бүх гарын үсгийг нягтлан шалгах зарчмыг хуульчлах, богино хугацааг хуулиар тогтоох тохиолдолд тухайн хугацаанд нягтлан шалгаж болохуйц тооны гарын үсгийг бие даан нэр дэвшүүлэгчээс хуулиар шаардах нь зүйтэй. Хэрэв гарын үсгийг түүвэрлэн тулгах аргыг хэрэглэх тохиолдолд энэ талаарх үндэслэл, журмыг тодорхой хуульчлах шаардлагатай.

      Дээрхээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах зохицуулалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангаагүй, Монгол Улсын олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харшилсан тул Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Харин тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг журамласан шинжтэй, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байна.

 
     Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд  дарж үзнэ үү.

                                                     
                                                                                                    Дунд суудлын хуралдааны илтгэгч гишүүн