Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

  • Post author:

   Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.20/ хуралдаанаар… Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн 
Ц.Сандаг-Очир дүгнэлтийн талаар танилцуулав.

       Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргажээ.

      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.

   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчөөгүй байна.

     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчөөгүй байна хэмээн үзжээ.

      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

      Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг үг хэлсэн. Тэрбээр, Зарчмын хувьд гарын үсэг цуглуулах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Энэ бол байх ёстой шалгуур. Зөвхөн тооны хувьд эргэн харж үзэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан байгаа учир УИХ энэ дүгнэлтийг хүлээн аваад Сонгуулийн хуулиа илүү боловсронгуй болгох тал дээр ажиллах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн цаашид УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн маргаанд оролцоход УИХ-ын Тамгын газрын зүгээс арга зүйн зөвлөгөө өгдөг системийг бий болгох шаардлагатай гээд, ингэж байж мэтгэлцээн хууль, эрх зүйн өндөр түвшинд явагдана гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Эцэст нь холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: parliament.mn       
https://www.parliament.mn/nn/74290/