Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэж, мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн билээ.
Түүнчлэн Дунд суудлын тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.”, мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн юм.