Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Цэцийн ордонд боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд болон Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг 25 байгууллагын эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа хариуцсан төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн боловсролыг түгээх, Цэцийн шийдвэрийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулахад ач холбогдолтой чухал эх сурвалж төдийгүй судлаач, эрдэмтэд, багш, оюутнууд, иргэдэд судалгаа хийх, ашиглах, нарийвчлан танилцаж ойлгоход дөхөм болох үүднээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг тусгайлан эмхэтгэж, нийтийн хүртээл болгосоор ирсэн”-ийг онцлоод хүрэлцэн ирсэн зочдод Цэцийн шийдвэрийн эмхэтгэлийн дээжийг гардуулан өглөө.
Үндсэн хуулийн цэц дүгнэлт, тогтоолоороо Үндсэн хуулийн зөрчил бүхий маргаанд хууль зүйн дүгнэлт өгч, иргэдийн эрхийг хамгаалж, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Энэ ч үүднээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг нийтэд таниулах, мэдээлэн түгээх, судалгааны эх сурвалж байлгахаар зорьж ирсэн ба энэ удаагийн эмхэтгэл сонгодог хэлбэрээр, орчин үеийн технологийн шийдлийг дагасан, олон хүн үзэж судлахад зориулагдсан эдэлгээтэй, шинэлэг байдлаар хэвлэгджээ.
Энэ удаад Цэцийн сүүлийн зургаан жилийн шийдвэрийг 2017-2019 он, 2020-2023 он гэсэн хоёр ботиор Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛ БА АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ” төслийн хүрээнд тус тус хэвлүүлэн гаргасан юм.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 1992-2016 оны шийдвэрүүдийг дахин хэвлэхээр бэлтгэж байна.