Цэцээс “Хувийн мэдээлэл халдашгүй байх тухай” 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргалаа

  • Post author:

      Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн … халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, 04 дүгээр дүгнэлтийг гаргалаа. Энэхүү дүгнэлтийг бүрэн эхээр нь эндээс хүлээн авна уу.

     Уг дүгнэлтээр Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан … татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн болохыг тогтоон, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, харин тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад “татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;”, 34.4.3 дахь заалтад “татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн.” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна.

     Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 57 дугаар тогтоол гаргаж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.

https://constitutionalcourt.mn/?p=4933

https://www.parliament.mn/nn/63740/