EN | MON

ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС ТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Жаран дөрөвдүгээр зүйл. 2. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна. 4. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.

Жаран тавдугаар зүйл. 5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИАС

2 дугаар зүйл. 2. Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

З дугаар зүйл. 5.Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.

5 дугаар зүйл. 1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно. 4. Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно. 5. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно. 6. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтооно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

7 дугаар зүйл. З. Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалингийн хэмжээг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал тогтоож батална. 3. Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно. 4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалт зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн тодорхойлсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар зохицуулдаг.

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим Холбогдох хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь зарчмуудыг баримтлан явуулдаг:
  • гагцхүү Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах
  • хараат бус байх,
  • гишүүд эрх тэгш байх,
  • маргааныг шударга, ил тод хянан шийдвэрлэх,
  • маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үгчилж явуулах,
  • маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулах,
  • маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг биечлэн явуулах,
  • маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах,
  • маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлзэх зарчмаар явуулах,
  • цэц нууцаар зөвлөлдөж шийдвэр гаргах,
  • цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх.
Маргааны харьяалал

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц дараахь маргааныг харьяалан шийдвэрлэнэ:

1. Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол Их суудлын хуралдаанаар дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ:

  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр,
  • Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр,
  • Засгийн газрын шийдвэр,
  • Монгол Улсын Олон улсын гэрээ,
  • ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр,
2. Дор дурдсан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:
  • Монгол Улсын Ерөнхийлөгч,
  • Улсын Их Хурлын дарга,
  • Улсын Их Хурлын гишүүн,
  • Ерөнхий сайд,
  • Засгийн газрын гишүүн,
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,
  • Улсын Ерөнхий прокурор.
3. Дор дурдсан албан тушаалтныг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:
  • Монгол Улсын Ерөнхийлөгч,
  • Улсын Их Хурлын дарга,
  • Улсын Их Хурлын гишүүн,
  • Ерөнхий сайд.
4. Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага гомдол гаргавал хэргийн харъяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ. Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй. Маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар:

  • иргэний өргөдөл, мэдээлэл хийгээд албан тушаалтны хүсэлтээр маргаан үүсгэх эсэх асуудлыг Цэцийн гишүүн дангаар;
  • энэхүү маргаан үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний тогтоолд гаргасан гомдлыг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаанаар;
  • Цэцийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр маргаан үүсгэсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргахаас бусад асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаанаар;
  • Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй, урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ учир байдал илэрсэн, Цэцийн гишүүдийн олонхийн саналаар дахин хянаж эцэслэн шийдвэрлэх, түүнчлэн дээр дурдсан хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах маргааныг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй их суудлын хуралдаанаар тус тус хянан шийдвэрлэдэг.
Маргаан хянан шийдвэрлэх журам

Хуульд зааснаар Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, мэдээлэл; Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор хүсэлт гаргасныг үндэслэн Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж хянан шийдвэрлэнэ.

Иргэн, байгууллага, албан тушаалтан Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байх ёстой:

1. өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр; 2. түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл; 3. Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар; 4. өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо; 5. маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь; 6. Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага; 7. Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа; 8. хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

Мөн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч оролцох бол итгэмжлэл, түүнчлэн монгол хэлээс өөр хэл дээрх бичиг баримт хавсаргаж байгаа бол түүний орчуулгыг заавал хавсаргана.

Цэц аливаа нэргүй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээж авахгүй.

Цэцийн гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн аваад анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх тухай асуудлыг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ. Харин эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг Цэцийн гишүүн хүлээн аваад шууд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр хуульчилсан байдаг.

Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дуусмагц хуралдаан болох газар, өдөр, цагийг товлож зааснаас бусад тохиолдолд 7 хоногийн өмнө хэвлэлд нийтлэн зарлана.

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж болох үндэслэлүүдийн талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан.

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд болон Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрвөл бичгээр гомдол, санал гаргах эрхтэй.

Хуульд зааснаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид нь:

  • өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан иргэд, эрх бүхий албан тушаалтан, байгууллага,
  • Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн хууль, бусад шийдвэрийг гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтан
  • албан тушаалын байдлаар буюу зохих журмын дагуу томилогдсон итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгч байна.

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааныд оролцогчдын эрх, үүрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэднээс баримтлах журмын талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйл болон 5, 6, 19, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зэрэгт заасан байдаг.

Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ буюу тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ.

Цэцийн шийдвэрийг гармагцаа хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.