EN | MON

suld

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН

ЦЭЦИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зохион байгуулалтын үндэс

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
  2. Цэцийн үйл ажиллагааны зарчим, арга хэлбэр, зохион байгуулалт, бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлно.
  3. Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

2 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим

  1. Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална.
  2. Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам

  1. Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
  2. Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана.
  3. Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.
  4. Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
  5. Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй.
  6. Цэцийн гишүүн Улсын Их Хурлын гишүүнд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл тухайн сонгуулийн дүн гартал Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

  1. Цэцийн гишүүн Цэцээр хянан шийдвэрлэх маргаантай асуудал болон Цэцийн хянаж байгаа маргааны талаар Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд ямар нэгэн хэлбэрээр урьдчилан мэдээлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Цэцийн гишүүн

  1. Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байна.
  2. Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
  3. Yндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.

/Энэ хэсгийг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

  1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.
  2. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  1. Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  1. Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.
  2. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

  1. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтооно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

/Энэ хэсгийг1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  1. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
  2. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.

/Энэ хэсгийг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааны нөхцөл

  1. Цэц нь ажлын албатай байна. Түүний орон тоог Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан Цэцийн ажлын албаны дарга тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарынн 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  1. Цэц тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн нүүртэй байна. Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
  2. Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалингийн хэмжээг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал тогтоож батална.
  3. Цэцийн гишүүн өмсгөлтэй байна. Цэцийн гишүүний өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ

8 дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт

  1. Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүргээ энэ зүйлд заасан маргааны талаар дүгнэлт гаргах, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргааныг магадлан шийдвэрлэх замаар хэрэгжүүлнэ.
  2. Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараахь маргааныг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй болсон үндэслэлүүдийг дахин хянан үзэж Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана:

1/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/ зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

4/ Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

5/ ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

6/ Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

  1. Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараахь маргааныг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:

1/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;

2/ Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

3/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

5/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хуульд заасан үндэслэл байгаа эсэх.

  1. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  1. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

9 дүгээр зүйл. Иргэдийн өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэх

  1. Иргэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлаар Цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлнэ.

/Энэ хэсгийн “…энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан” гэснийг Цэцийн 1995 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  1. Иргэд өргөдөл, мэдээллээ бичгээр үйлдэж, түүнд өөрийн нэр, хаяг, Үндсэн хуулийн ямар заалтыг хэн, хэдийд, ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой заасан байвал зохино. Цэц нэр, хаяггүй өргөдөл, мэдээллийг хүлээж авахгүй.
  2. Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг арван дөрвөн хоногийн дотор хянаж, түүнд заасан асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан биш буюу Цэцэд харьяалагдахгүй байвал өргөдөл, мэдээлэл гаргагчид тодорхой үндэслэл бүхий хариу өгнө.
  3. Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл өргөдөл, мэдээллийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж өргөдөл, мэдээлэл гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

10 дугаар зүйл. Цэцэд хүсэлт гаргах

  1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Цэцэд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байвал зохино:

1/ хүсэлт гаргагчийн хаяг, албан тушаал;

2/ Үндсэн хууль зөрчсөн буюу түүнд нийцээгүй шийдвэр гаргасан этгээдийн хаяг, албан тушаал;

3/ холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, гаргасан эрх зүйн акт, шийдвэр нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн болох;

4/ хүсэлтийн агуулга, маргаан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, бусад нөхцөл байдал.

  1. /Энэ заалтыг 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
  2. Улсын дээд шүүх хүсэлтээ хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналд үндэслэн гаргана.

/Энэ хэсгийн дугаарт 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад

/Энэ бүлгийн нэрийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.

11 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

12 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим

Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд илээр, шууд, тасралтгүй явуулах, талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар бодитой, энэ хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.

13-21 дүгээр зүйл. /1997 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

22 дугаар зүйл. Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагавар

  1. Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү эрүүгийн болон захиргааны шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно.
  2. Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн улмаас улс, иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан буюу гэрээ байгуулж соёрхон баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл. Цэцийн үйл ажиллагааг саатуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага

  1. Хуралдааны дэг журмыг зөрчиж урьдчилан сануулга авсан этгээд дахин зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр түүнийг танхимаас гаргаж болно.
  2. Маргааныг шалгах, хуралдаанаар хэлэлцэх үед Цэцэд санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, буруу дүгнэлт, тодорхойлолт, баримт бичиг гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 3000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  1. Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ

 

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Б.ЧИМИД

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.