Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр дүгнэлтийг сонсов

Улсын Их Хурлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох … эрхтэй. …" гэж заасанд тус тус нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж (илтгэгч), Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаас Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох    … эрхтэй. …" гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан болохыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.2.8-д “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн танилцуулсан дээрх дүгнэлттэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараас асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Parliament.mn

Uncategorized