Н.Чинбат Үндсэн хуулийн шүүхийн чадавхийг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2021-10-27/ хүлээн авч уулзав.

        Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хоёр улсын Үндсэн хуулийн шүүхүүд хамтран ажиллаж ирсэн сайхан түүхтэйг дурдаад  цаашид Монгол Улс, Турк Улсын  хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд  харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, түүний үр өгөөжийг улам дээшлүүлэхийн төлөө байна. Үндсэн хуулийн шүүхүүдийн Хамтын ажиллагааны тухай 2017 онд байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэхийг чухалчлахын сацуу Үндсэн хуулийн  эрх зүйн суурь асуудлаар хамтарсан судалгаа хийх, сургалт,  семинар зохион байгуулах,  эрдэм шинжилгээний бүтээл туурвих, харилцан мэдээлэл солилцох байнгын механизмыг бий болгох, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг нь Үндсэн хуулийн шүүхийн чадавхийг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

       Тэрбээр цааш нь, Турк улсын Үндсэн хуулийн шүүх Ази тивдээ нэр хүндтэй, баялаг түүхтэй шүүхийн нэг билээ. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн төдийгүй Нийгэмлэгийн хүний нөөцийн хөгжил, сургалтын төв нь Турк Улсад байрлаж  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн сургалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд тогтмол оролцож байдгийг дурдлаа.

       Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Зүхтү Арсланыг Монгол Улсад айлчлахыг урьж байгааг нь  уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

        Ноён Элчин сайд хариу хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга хүлээж авч уулзаж байгаад талархаж байна гэдгээ дурдаад  энэхүү уулзалт Монгол Улсыг таньж мэдэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна.Турк Улс Монгол Улстай олон жилийн нөхөрсөг, найрсаг харилцаатай. Бүхий л салбарт дэмжиж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг.Энэ хүрээнд Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний томоохон зорилтын нэг  бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно.” гэдгээ онцоллоо.

Uncategorized