Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулав

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон юм.                                        Богд Хаан
Энэ түүхэн өдөр ноёд, лам, хар энгийн хүмүүс гээд бүх монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Нийслэл Хүрээнд бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон байна. Улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, Улсын нийслэлийг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол үндэстний гал голомтыг сэргээн бадрааснаа дэлхий дахинд тунхаглан зарласан байна.

   

Богд хаант Монгол Улсын сүлд тэмдэг
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний өдрийг бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгон нийтээр тэмдэглэж байна.                                                                                                                      Богд хаант Монгол Улсын туг далбаа

Uncategorized