УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн билээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн билээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр, Хүний эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан гэж бодож байна. Өмчлөх эрх гэдэг бол өмчлөгчийн туйлын буюу язгуур эрх гэж үздэг. Өмчлөгч түүнийгээ захиран зарцуулах, чөлөөтэй эзэмшиж ашиглах, халдлагаас хамгаалах эрхтэй. Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн эрх ашигт нийцүүлэх, бусдын эрхийг зөрчихөөс сэргийлэх үүднээс хязгаарладаг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн аваад холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хэлсэн байна.

Үүний дараа  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.  /2018.10.31/

Uncategorized