Элчин сайдыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг”-ээр шагнав

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг бүрэн эрхийн хугацаа нь дуусч эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.

       Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдыг “Алтан гадас” одонгоор  шагнасан явдалд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр баяртай байгаагаа илэрхийллээ.

       Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хэлсэн үгэндээ, 2015 онд Элчин сайдаар томилогдон ирээд Таны эхлүүлсэн ажлуудын нэг бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран ажиллахад анхаарсан явдал байв.

_DSC0841

Элчин сайдын маш их дэмжлэг, хичээл зүтгэлээр КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас ”Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд цахим шүүхийн үйлчилгээ бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь Таны олон ажлын үр  дүнгийн нэг мөн билээ. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэр хоер орны харилцааг иж бүрэн түншлэлийн шатнаас стратегийн түншлэлийн шатанд хүргэхээр тохиролцсон нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд гарч байгаа хамгийн дээд түвшний дэвшил болсон юм гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онцлон тэмдэглэв.

        Элчин сайд хариу үг хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ төслөөр дамжуулаад Үндсэн хуулийн цэцтэй маш сайхан ойр дотны харилцаатай болж чадлаа. Энэ харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсч байна гэлээ.

Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын иргэд хоорондын солилцоо их нэмэгдэх боллоо. Ингэснээр хоёр улсын харилцааг улам хөгжүүлэх бат бөх суурь тавигдаж байгаа гэж ойлгож байна. Ийнхүү иргэд хоорондын солилцоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд хууль дүрмийг сайн таниулах, тэдгээрийг чандлан сахиулах асуудал маш чухал ач холбогдолтой болно.

zurag 3

 Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаанд маш олон дэвшлүүд гарлаа. Ирэх 3 жилд үүнээс илүү харилцаа, хамтын ажиллагаа бий болно гэж харж байгаа. Учир нь  2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Тиймээс стратегийн түншлэлийн харилцааны шатанд хүрэх хэмжээний тийм бодит хамтын ажиллагаа бий болгох ёстойг Элчин сайд У Сун онцлон тэмдэглэв.

        Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн технологийн чадавхийг сайжруулахад Элчин сайдын оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнажээ.

       Элчин сайдыг хүлээн авч уулзахад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Тамгын газрын дарга Д.Баянбилэг нар байв.

Uncategorized